МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг байгуулсан нь

           Монгол оронд дээд хяналт тавих үүрэгтэй, Үндсэн хуулийн статус бүхий төрөлжсөн шүүхийн уламжлал байгаагүй юм. Харин хуучин Үндсэн хуулиас шинэ Үндсэн хууль батлах хүртэлх шилжилтийн зурвас үед (1990-1992) Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага байх хэрэгтэй гэсэн санаа Монгол Улсын анхны байнгын парламент-Улсын Бага Хурлын гишүүдийн дотор төрж эхэлсэн байна. Ер нь Үндсэн хуулийн шилжилтийн зурвас үе бол бүхэлдээ төрийн тогтолцооны ардчилсан арга, механизмыг хайн эрэлхийлсэн үе байсан юм. Тэр үед монгол төрийн хэрэгт зүтгэж байгаа хэн боловч, өрнө, дорнын туршлага, сургамжийг судалж, дэвшигдэн тавигдаж буй асуудалд авах, гээхийн үүднээс хандаж байсны нэг нь Үндсэн хуулийн дээд хяналтын асуудал байлаа. Энэ бол өрнө дахины орнуудын төрийн тогтолцоонд үр өгөөжтэй нь нэгэнт батлагдсан чухал ач холбогдолтой институт байсан юм. Энэ дашрамд тэмдэглэхэд, Үндсэн хуулийн дээд хяналт тавих практик анх XIX зууны эхээр АНУ-д, тэр цагаас хойш дэлхий дахинд хэрэгжиж эхэлжээ. Америк маягийн энэ загвараас гадна Австрали, Франц маягийн загвар бий болсон байна. Тодруулж хэлбэл, Үндсэн хуулийн мэргэжлийн хяналтыг ердийн шүүх бусад хяналтын хамт гүйцэтгэдэг АНУ-ын загвар, Үндсэн хуулийн шүүх хэмээх тусгай биеэ даасан хараат бус төрөлжсөн шүүх байгуулсан Австрийн загвар, үйл ажиллагааны нь агуулга нэртэйгээ зохицсон зөвлөх буюу урьдчилсан хяналтын ажиллагаа явуулдаг Францын загвар тус тус орчин үед дэлхий нийтэд үйлчилж байна.

            БНМАУ-ын Ардын Их Хурлын XI дэх удаагийн сонгуулийн IX чуулган (1990 оны V сар) БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталж мөрдүүлсний дараа дээр дурдсан Үндсэн хуулийн хяналтын тусгай байгууллагын тухай асуудал яригдаж эхэлсэн юм. Чингээд БНМАУ-ын Ардын Их Хурлын XII дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар (1990 оны 9 дүгээр сар) “БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийн тухай асуудлыг хэлэлцсэн байна. Эл хуралдаан дээр депутат Т.Очирхүү, О.Очиржав, Ч.Пүрэвдорж, С.Баяр, Ж.Чунагсүрэн, Ч.Хурц, Э.Бат-Үүл нарын 10 гаруй хүн үг хэлж, тэдний зарим нь ийм зөвлөл байгуулах нь зүйтэй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь тийм зөвлөл байх хэрэггүй гэсэн санал гаргасан байна. Эцэст нь БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөл байгуулах эсэх тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон депутатуудын их зонхийн саналаар энэ удаад тийм зөвлөл байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм.

          1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдснаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрджээ. Үндсэн хуулийн хяналтын механизмыг бий болгосон нь шинэ Үндсэн хуулийн нэг ололт, шинэлэг тал байлаа. Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэгд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээгээд Үндсэн хуулийн цэцийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, эрх хэмжээг хуульчлан тунхаглажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийг “Цэц” хэмээн нэрлэсэн нь бас учиртай. Я.Цэвэл абугайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Цэц 1. Юмны онч, цэц булаалдах, цэц харвах, цэц хэлэлцэх, 2. Буу зэвсгийн зорьсон газартаа онож тусахдаа сайны нь, бууны цэц үзэх” хэмээн тайлбарласан байна. Тэгэхлээр асуудлын ончийг олж мэргэн шийдвэрлэх гэсэн үгийн утгаар энэ үгийг оноон тавьж сонгон авсан нь илэрхий байна. Утгын хувьд бас монгол төрийн болон үндэсний уламжлалыг бодолцсон аж. Энэ нь нэг талаас, Их Монгол Улсын үеэс хаанд зөвлөх эрх бүхий Цэцдийн (Сэцдийн) зөвлөл ажиллаж, Цэц гэдэг үгийг төрийн чухал институтийн нэр болгож байсан төрийн түүхэн уламжлалыг, нөгөө талаас, монгол үндэсний сонгодог спорт-эрийн гурван наадмын гол цөм-бөхийн маргааныг магадлан шийдвэрлэдэг, хөлийн цэц дээр үеэс ажиллаж, асуудлыг ончтой зөв шийдэж ирсэн үндэсний уламжлалыг бодолцсон хэрэг юм. Гол нь улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах утгыг бэлгэдэж, Үндсэн хуулийн цэц хэмээн нэрлэсэн болой.

Ингээд Улсын Бага Хурлын гишүүд санал хураалт явуулахад, Улсын Их Хурлын санал болгосноор Гэндэнгийн Нямдоо, Цэндийн Цолмон, Дамбадаржаагийн Чилхаажав нарыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Жавхлангийн Бямбаа, Наваанпэрэнлэйн Жанцан, Галдангийн Совд нарыг, Улсын дээд шүүхийн санал болгосноор Лэгцэгийн Баасан, Баасайн Дангаасүрэн нарыг тус тус Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Харин 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Жамцын Чойжанцанг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байна. Ингэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнтэй болж, Улсын Их Хурлын чуулганы 1997 оны 7 дугаар сарын 7-ний өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн төсөв, цалингийн санг тогтоосон байна.

Зүүн гар талаас Б.Дангаасүрэн, Ж.Чойжанцан, Ц.Цолмон, Г.Нямдоо, Г.Совд, Л.Баасан, Н.Жанцан, Ж.Бямбаа, Д.Чилхаажав

 

"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХӨГЖЛИЙН ТОВЧООН" БАРИМТАТ КИНО

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 20 ЖИЛИЙН ОЙН БАРИМТАТ КИНО

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 20 ЖИЛИЙН ОЙН БАРИМТАТ КИНОНЫ ХОЁРДУГААР ХЭСЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ