Петербургийн олон улсын хууль зүйн XII чуулган, “Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хурал тус тус болов

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2024 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд ОХУ-ын Хууль зүйн яамнаас Петербургийн олон улсын хууль зүйн XII чуулган, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхээс “Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хурлыг тус тус зохион байгууллаа.

Петербургийн олон улсын хууль зүйн чуулган нь хууль зүйн салбарын нэгэн хэсэг бөгөөд орчин үеийн хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн тод илрэл болж бизнесийн ашиг сонирхолд нийцсэн хууль тогтоомжийн асуудлаарх орчин үеийн нөхцөлд нийгэм-эдийн засгийн, мөн хууль зүйн салбар хоорондын яриа хэлэлцээний хамгийн том талбар болж ирснээрээ онцлогтой аж.

“Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хурлын эхэнд ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Валерий Дмитриевич Зорькин ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхийн талаар, мөн өргөдөл гаргагчийн эрхийг Үндсэн хуулийн шүүх хэрхэн хамгаалж байгаа тухай танилцуулга, мэдээллийг хийсэн бол Үндсэн хуулийн шүүхийн өнөөгийн зохицуулалтын загвар, Үндсэн хуулийн шүүхэд хандах тусгай нөхцөл зэрэг бусад асуудлаар хэлэлцүүлэг үргэлжилсэн байна.

Мөн энэ үеэр Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн Ажлын уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хамтын ажиллагааны талаар хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.   
Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.