Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

НЭГ. УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаарх ойлголт:

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь иргэнээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэл хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлага хангаж байгаа эсэх, түүнчлэн тухайн өргөдөл, мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэх үе шат юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Цэцийн гишүүн өргөдөл, мэдээллийн дагуу маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэх эрхтэйӨргөдөл, мэдээлэлд дурдсан асуудал нь Үндсэн хуулийн маргаан биш эсхүл Үндсэн хуульд хамаарах асуудлыг хөндсөн боловч Үндсэн хууль зөрчөөгүй нь илэрхий байна гэж үзвэл маргаан үүсгэхгүй байх боломжтой.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх ажиллагаа:

  • Өргөдөл, мэдээлэл, хүсэлттэй холбоотой ерөнхий лавлагаа гаргах
  • Цэцийн шийдвэрүүдийг судлан агуулгын хувьд адил, төстэй өргөдөл, мэдээлэл, хүсэлт Цэцэд өмнө нь ирж байсан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн, түүнчлэн холбогдох хууль тогтоомжийн талаарх лавлагаа болон бусад судалгаа гүйцэтгэх
  • Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт бичиг, бусад мэдээллийг шаардан гаргуулах, маргаантай холбогдол бүхий албан тушаалтан, иргэнийг Цэцийн байранд дуудан ирүүлж асууж тодорхойлолт гаргуулан авах зэрэг шаардлагатай бусад ажиллагаа хийгдэнэ.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа:

 Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 14 хоног байна.

 Тухайн өргөдөл, мэдээллийг шалгахад бусад байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах зэрэг бусад нэмэлт ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай бол Цэцийн дарга дээрх  хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Мөн тодорхой ажиллагаа хийгдэж буй тохиолдолд дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгагдах үндэслэл болдог.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үр дагавар:

 Иргэнээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийг шалгаад хуульд заасан үндэслэл байвал маргаан үүсгэхээс татгалзах эсхүл маргаан үүсгэх тухай тогтоол гаргана.

Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тогтоолын үндэслэл:

  • Өргөдөл, мэдээлэлд дурдсан асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харьяалагдахгүй байвал;
  • өргөдөл, мэдээлэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй;
  • өргөдөл, мэдээлэл гаргагч нь Цэцэд хандах эрх бүхий этгээд биш өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш;
  • уг маргааны талаар Цэцийн урьд гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа;
  • Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харьяалагдахгүй байвал.

/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгээс дэлгэрүүлж үзэх боломжтой.

ХОЁР. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН БАГА СУУДЛЫН ХУРАЛДААН

 Цэцийн бага суудлын хуралдааны онцлог:

Бага суудлын хуралдаанаар өргөдөл, мэдээллийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэдэггүй.

Харин Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар гаргасан Цэцийн гишүүний шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Бага суудлын хуралдаан хийх бөгөөд гомдолд урьд гаргасан өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй нэмэлт шаардлага гаргахгүй байхыг анхаарах шаардлагатай.

Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн:

Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны бага суудал нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Энэхүү бүрэлдэхүүнд маргааныг урьдчилан шалгасан гишүүн орохгүй.

Цэцийн бага суудлын хуралдаанаас гарах шийдвэр:

Өргөдөл, мэдээллийн дагуу маргаан үүсгэх эсэх асуудлаар гаргасан Цэцийн гишүүний тогтоолын үндэслэлийг хэлэлцэн магадлал гаргана.  Энэ нь эцсийн шийдвэр байна.