Үйл ажиллагааны товчоон
Нийгэмлэг 2010 онд байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл 4 удаагийн Конгресс, 7 удаагийн Удирдах зөвлөлийн хурал, 5 удаагийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурлыг тус тус зохион байгуулжээ.
Өнгөрсөн хугацаанд Нийгэмлэгээс Жакартагийн тунхаг бичиг, Сөүлийн тунхаг бичиг, Истанбулын тунхаг бичиг, Балигийн тунхаг бичиг тус тус гаргаж тэдгээрт, тухайлбал, Нийгэмлэгийн дүрэм батлах, Нийгэмлэгийн гишүүн орнуудын шүүхүүдийн бие даасан хараат бус улс төрийн бус холбоо /форум/ байгуулах, Үндсэн хуулийн шүүхүүд хоорондын хүний нөөцийн болон хүний нөөцийн бус солилцоог идэвхжүүлэх, Нийгэмлэгийн гишүүн орнууд хоорондоо мэдээлэл солилцохтой холбоотой асуудлыг тусгаснаас гадна Үндсэн хуулийн шүүхүүдийн шийдвэр үр дүнтэй, ардчилсан ёс, хүний эрхийг дээдэлсэн байх, Үндсэн хуулийн хяналтын байгууллагууд нь төрийн эрх мэдлээс ангид байх, эмзэг бүлгийн хүмүүсийн эрхийг хамгаалах,төрийн байгууллагууд хүний үндсэн эрхийг зөрчихөөс сэргийлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Африкийн Үндсэн хуулийн шүүхийн конференцтэй байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг, Үндсэн хуулийн хяналтын байгууллагын Евразийн нийгэмлэгтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг тус тус байгуулж Үндсэн хууль, ардчилал, хууль дээдлэх ёс, хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Нийгэмлэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Европын зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн хяналтын байгууллагын Евразийн нийгэмлэг, Европын Үндсэн хуулийн шүүхүүдийн бага хурал, Африкийн Үндсэн хуулийн шүүхийн зөвлөл зэрэг олон улсын байгууллагуудтай харилцаа, холбоотой ажилладаг.