Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:

 Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэний өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр  хянан шийдвэрлэнэ.”

 Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрх бүхий этгээд:

  • Улсын Их Хурал,
  • Ерөнхийлөгч,
  • Ерөнхий сайд,
  • Улсын дээд шүүх,
  • Улсын ерөнхий прокурор.

Хүсэлтэд дараах зүйлийг тусгасан байвал зохино:

  1. Өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр;
  2. Түүний итгэмжилсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;
  3. Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар;
  4. Өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;
  5. Маргаж байгаа асуудлын талаархи өөрийн байр суурь;
  6. Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;
  7. Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа;
  8. Хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.
  9. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргасан этгээдийн итгэмжилсэн төлөөлөгч оролцох бол итгэмжлэл, түүнчлэн монгол хэлээс өөр хэл дээрх бичиг баримт хавсаргаж байгаа бол түүний орчуулгыг заавал хавсаргана.

Үндсэн хуулийн цэц нь дээр дурдсан хуулийн шаардлага хангасан хүсэлтийг хүлээнэ авна.

  1. Иргэн, байгууллага, албан тушаалтнаас Цэцэд гаргасан хүсэлтийг Цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.
  2. Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох:

  1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тохиолдолд хүсэлт гаргагч нь албан ёсны итгэмжлэл, эсхүл шүүхэд төлөөлөх эрхийг баталгаажуулсан баримт зэрэг шаардлагатай мэдээллийг хавсаргана.
  2. Хүсэлт гаргагч нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авсан бол Цэцийн хуралдаан болохоос 6-аас доошгүй хоногийн өмнө холбогдох мэдээллийг Цэцийн Тамгын газарт ирүүлсэн байна.

Хүсэлтийг шуудангаар илгээх тохиолдолд:

Шуудангаар ирсэн хүсэлт нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хүсэлтийг ирсэн хаягийн дагуу буцаана.

Та дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг  264543 дугаарын утас болон  burtgel@conscourt.gov.mn цахим шууданг ашиглаж тодруулна уу.